Өрөм гэж энэ сайхан цагаан идээг гадаадад хийж сурна гэдэг маш сайхан зүйл шүү. Энэхүү жорыг Америкт байдаг бүсгүйгээс дам дамаа сурсан юм. Маш их баярлалаа анх санаачилж хийсэн хүнд нь Өөрөө ганцаараа баясмааргүй санагдаад энэ сайхан жорыг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Асуух зүйл байвал асуугаарай.
Амжилт, амтархан идээрэй.
Энэ жор маань дэлхий даяараа их олон Монголчуудад маань хүрсэн байна. Намайг дагаж надад урам зориг өгч байдаг та нартаа маш их баярлаж явдаг шүү.
Орох материал:
– 4 литр буюу 1 галлон 3.5% -ийн өтгөн сүү (1 галлон 3.5% -ийн сүү) амтлаагүй, шингэлээгүй сүү. Органик байвал бүүр сайн.
– 1 литр 35% сүүн крэм (35% whipping cream зарим газар heavy cream гэдэг)
Хийх арга:
1. Томхон саванд сүүгээ хийгээд зөөлөн гал дээр хөөрүүлнэ. (түлэгддэггүй томхон саванд хийвэл сайн)
2. Крэмээ нэмээд хутгаад дахин хөөрүүлнэ. Зөөлөн гал дээр
3. Хөөрсөн сүүгээ хөөсөртөл нь сайн өндөр өргөж самрана. 10 минут орчим. (Дээш сайн өргөж самраарай, яг тогооныхоо голд. Энд тэнд самарч хөөсөө унагааж болохгүй шүү)
4. Хөөсөрсөн сүүгээ зөөлөн гал дээр (эсвэл галаа унтрааж болно) хөөсийг нь буутал загсаана. Мөн сайн хөртөл нь.
5. Загссан сүүгээ хөргөгчинд хийж хонуулаад өглөө нь өрөмтэй болно. Авахдаа эхлээд өрмөө савнаасаа салгана. Хавтгай юмаар тойруулаад салгаарай. Хутга тогооруу хийж болохгүй шүү. (Монгол хүн) Тэгээд өрөмнийхөө дунд хавиас нь 2 гараараа хавчиж авна.
Та бүхэн гадаадад амьдарч байгаа ч гэсэн энэхүү аргаар өрөм хийж өглөөнийхөө цайндаа зооглоорой.
Comments
Post a Comment